Стресс гэхээр ядрах, сэтгэл түгших зэрэг сөрөг дүр зураг үргэлж бидний төсөөлөлд буух нь элбэг. Энэ удаад стрессийн сайн үр дагавар болон эерэг стресс гэж юуг хэлж буйг хамтдаа олж мэдэцгээе.Та өөрөө ч мэдээгүй байхдаа эерэг стресст автсан байдаг гэнэ. Мөн үүнийг зориудаар ч бий болгох боломжтой. Өөрийгөө ямарваа нэг зүйлд сорьж, идэвхтэй байлгаж, сайхан мэдрэмж төрүүлэх, шинэ зорилго тавьж, түүн рүүгээ тэмүүлэх үед буюу догдлох эсвэл түгших, сандарсан мэдрэмж авах үед бид эерэг стресст өртдөг.
Таны ажлын бүтээмж, хурдыг нэмнэ
Товч тайлбарлавал гадаад орчноос ямар нэгэн өдөөлт, цочроо авсан үед хүний зүрхний цохилтыг түргэсгэж, тархи болон булчингийн цусан хангамжийг нэмэгдүүлж, хуримтлуулсан глюкозоо шатааж эхэлдэг тул оюун санааны хувьд сэргэг байж, булчинг сайн тэлдэг байна. Хүний бие дэх энергийн эх үүсвэрүүд аюулын үед хамгийн үр ашигтай зарцуулагддаг гэсэн үг.
Стресс нь шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлнө
Асуудалд орох буюу стресст автахад хүний тархи тулгарч буй аюулыг давах, асуудлыг шийдвэрлэх аргууд дээр нухацтай төвлөрч эхэлдэг. Нөгөөтэйгүүр стресс нь тулгамдсан үед анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, шийдвэр гаргах чадварт эерэгээр нөлөөлдөг аж.
Ой тогтоолт сайжирна
Зохистой хэмжээний цочмог стресс автах нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Цочроо авах үед хүний тархи аливаа үйл явдал, дүр зургийг урт хугааны ой санамжиндаа хадгалдаг байна. Ингэснээр стресст автсан үед тархиар дамжуулж бусад эсүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж, тогтоох чадварыг сайжруулдаг хэмээн үзжээ.
Бат бэх харилцааны үндэс
Стрессийн бас нэгэн эерэг үр дагавар нь хүн хоорондын харилцааг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Нийгмийн харилцаа нь бие физиологийн болон оюун ухааны эрүүл байдалд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хүн хайрлагдаж, хайрлаж, бусадтай харилцаж, өөрийгөө ойлгуулж, бусдыг сонсоход сөрөг мэдрэмж нь эерэгээр солигддог. Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад илүү бат бэх харилцааг бий болгодог аж.
Урам зориг тэсвэр тэвчээрийг бий болгоно
Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн сэтгэл судлалын профессор Peter Vitaliano-гийн үзэж буйгаар стресс нь хэдий ачаалал өгдөг ч гэлээ хүн аливаа асуудлыг шийдвэрлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, ирээдүйд тохиох бэрхшээлийг өөдрөгөөр даван туулах, хат суулгахад маш том түлхэц болдог аж. Стресст өртөхөд адреналин ялгарч, өвчин намдаагч болж байдаг учраас ямарваа нэг гадны цочролд илүү тэсвэртэй болгодог байна.
Эх сурвалж: bbc worklife