Өнгө нь хүний оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлсөнөөр хүний амьдралд олон мэдрэмжийг үүсгэдэг.
Өнгө хэдийгээр сувьектив байдлаар хүнд нөлөөлдөг нь батлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн ч улс орны соёлоос хамаараад өөр өөр билэгдэл, утга агуулгатай хүмүүст түгээдэг байна
Хүйтэн өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл
Бүтээлч байх хэрэгтэй байна уу? Тархиныхаа холбоосыг сайжруулах уу? Тэгвэл чирнелэн ягаан өнгийг ашиглаарай. Нил ягаан бол цэнхэр болон улаан өнгөний нийлбэр. Мэдрэлийн эсүүдийн идэвхижилт ба нойрмог байдлыг тэнцвэржүүлсэнээр бүтээлч байдлыг дэмждэг. Нил ягаан өнгийн гэрэл нь орчин тойрондоо амгалан байдлыг бий болгодог бөгөөд хурцадмал байдлыг намжаадаг. Оффис болон гэрт энэ өнгө байхад бүтээлч байдлыг дэмждэг байна.
Амгалан тав тухтай байдлыг эргэн тойрондоо бий болгомоор байна уу? Тэгвэл ногоон эсвэл цэнхэр өнгийг ашиглаарай. Эдгээр хүйтэн өнгөнүүд нь сэтгэл санааг тайвшруулдаг. Учир нь ногоон өнгийг харахад нүдний торлог бүрхэвчид шууд тусдаг бөгөөд энэ нь нүдний бүлчинд бага цочролыг өгдөг. Цэнхэр болон түүний төрлийн хүйтэн өнгөнүүд нь тайвшруулах, амгалан болгодог ба цусны амьсгал удааширч, цусны даралт бууруулдаг байна. Унтлагын өрөөндөө энэ өнгийг байрлуулбал таныг тайван нойрсоход туслана.
Дулаан өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл
Хоолны дуршлаа нэмэгдүүлэх, өөрийн буй орчноо урам зориг дүүрэн болгомоор байна уу? Тэгвэл танд улбар шар болон шар өнгө хэрэг болно. Олон зоогийн газрууд яагаад энэ өнгийг ашигладаг талаар та бодож үзсэн үү? Эдгээр өнгөнүүд хоол идэх хүслийг өдөөж өгөх ба таны бяцхан ходоодыг архируулж чадна. Макдоналдс KFC гэх мэт алдартай хоолны газрууд тод улаан эсвэл шар өнгийг ашигладаг учир нь энэ байх нь.
Та эдгээр өнгөнүүдийг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир эдгээр өнгөнүүд нь гэрэл илүү их тусгадаг ба хүний нүдийг өдөөж амархан ядраадаг ба хэт их ачаалал өгдөг. Хэрвээ та жингээ хасах гэж байгаа бол гал тогоондоо энэ өнгийг хэрэглэх хэрэггүй байх нь.
Өнгөний сэтгэл зүйд нөлөөлдөг үйлчлэлүүд
Цагаан өнгө нь – хүнд гэм буруугүй, цайлган, гэнэн, цэвэр ариухан сэтгэгдлийг төрүүлнэ. Хуримын цагаан даашинз, эмнэлгийн цагаан халад гэх мэт цэвэр ариун гэсэн итгэлийг төрүүлэхүйц газар энэ өнгө их ажиглагдана.
Хар өнгө – эрх мэдэл, эрч хүч, этгээд өвөрмөц нууцлаг мэдрэмжийг үлдээдэг. Мөн ийм өнгөтэй хувцас нь өмссөн хүнээ илүү туранхай цэгцтэй хүчтэй харагдуулдаг тул загварынханы хувьд хамгийн классик өнгө болжээ. Коко Шанелийн алдарт хар жижигхэн даашинзыг эргэн нэг санаарай. Хэн нэгэн танд халдашгүй байдлыг илүү илэрхийлэхийг хүсвэл хар өнгийг сонгох нь тохиромжтой.
Улаан өнгө – хайрыг бэлгэддэг өнгө. Энэ өнгө нь хүний анхаарлыг хамгийн их өөртөө татдаг өнгө бөгөөд гал цогтой, итгэлтэй, гэнэн биш, яавал ч яачихаар сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг байна. Мөн дур татам байдлаараа энэ өнгийг давах өнгө байхгүй. Улаан уруулын будаг яагаад хамгийн их борлуулалттай байдгийн учир нь энэ юм.
Улбар шар өнгө – Өөрчлөлт шинэчлэлт болон адал явдал, баялаг байдлын өнгө. Хэрвээ та өглөө бүр гүйхээр зорилго тавьсан бол пүүзний үдээсээ улбар шар өнгөөр үдэж болох юм. Энэ өнгө танд зорилгодоо хүрэхэд хурцалж өгнө. Өөрөөр хэлбэл хүнд асар их идэвхтэй байдлыг бэлэглэж чаддаг байна.
Шар өнгө – Мэдээж аз жаргалын өнгө. Хэрвээ та гэр болон оффистоо энэ өнгийг байлруулбал хүмүүсийн сэтгэл зүйд аз жаргалтай мэдрэмжийг үлдээх болно. Гэвч гал тоголны өнгөө энэ өнгөөр сольвол идэхдээ хэт их аз жаргал нэмэгдсэнээр таргалах хандлага ажиглагддаг. Хамгийн аз жаргалтай бүтээлч өөдрөг байхыг хүссэн газраа энэ өнгийг байрлуулаарай.
Ногоон өнгө – Итгэл найдварын өнгө. Мөн байгал дэлхийн сайхныг өөртөө агуулдаг зун цагийг санагдуулдаг тул өсөлт, ургац, үржих гэх мэт үгсийг дотроо агуулж байдаг. Тийм ч учраас олон санхүүгийн байгууллагууд өөрийн брэнд өнгөөр ногоон өнгийг сонгодог. Учир нь хүмүүсийн мөнгийг эргэлдүүлж хадгалах гэж байгаа тул их итгэл найдварыг олох хэрэгтэй шүү дээ. Хаан банкны логог нэг санаарай.
Цэнхэр өнгө – Энэ өнгө нь хүнийг хамгийн их тайвшруулж, гүн бодолд автуулдаг. Эмнэлгийн хагалгааны цэнхэр хувцсыг санаж байна уу? Өвчтөндөө тайван байдлыг өгөх гэж тэр юм. Хар эсвэл улаан хувцастай мэс засалч ороод ирвэл өвчтөн өөрийн мэдэлгүй сандралд орж даралт нь өсдөг байна. Энэ өнгийг хоолны дэглэм барьж байх үедээ ашиглаарай. Хоол боловсруулах системийг тайвшруулсанаар та хоол идэх гэж тэгж их яарахгүй болов уу. Цэнхэр өнгө нь далай тэнгэр гэх мэт зах хязгааргүй зүйлсэд оршдог. Гүн ухааны бэлгэдэл өнгө юм.
Нил ягаан өнгө – Энэ өнгө нь улаан болон цэнхэр өнгөний хослол тул нууцлаг сэтгэгдэл төрүүлдэг. Бас маш этгээд, ойлгомжгүй хэрнээ чамин санагдуулдаг байна. Ямар нэг зүйл цээжлэх, төвлөрөх, бүтээлч байдал гаргахад туслах өнгө юм. Танд учир зүггүй эрч хүч өгөхгүй ч гэлээ сонирхолтой этгээд санаа бодож олоход тусалж чадна. Байгал дээр энэ өнгө тийм ч их ажиглагддаггүй ч зуны нил ягаан цэцгүүд, нар жаргах үеийн бүрэнхий туяанаас тус өнгийг олж харж болно. Шүлэг бичдэг, уран зураг зурдаг хүмүүст гоц санаа өгөхөд туслана гэдэгт итгэлтэй байна.
Бор өнгө – Энэ өнгө нь тогтвортой итгэл даахуйц хэрнээ уйтгартай, нэгэн хэвийн сэтгэгдэл өгдөг. Уламжлал болсон зүйлд дуртай мэт санагдуулна. Гэхдээ энэ өнгө нь урт удаан харилцааг илтгэдэг ба үнэнч нөхөрлөлийг илтгэнэ. Байгал дээр мод, хад гэх мэт хөдлөшгүй бат бөх зүйлсэд энэ өнгө нуугддаг бөгөөд ийм өнгө нь илүү эко органик шинэлэг чанартай гэх мессежүүдийг тархи руу илгээдэг байна.
Ягаан өнгө – Улаан болон цагаан өнгөний зохицол. Сэтгэл хөдлөл мэдрэмжийг илэрхийлдэг өнгө юм. Энэ өнгийг хувцас загварт ашиглах нь илүү нээлттэй хөгжилтэй хаагдмал биш сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд хайр, романтик байдал, хүүхэд шиг гэнэн цайлган занг давхар өөртөө агуулдаг байна. Улаан өнгөний гал цогтой байдал + цагаан өнгөний итгэж болохуйц тайван байдлыг хослуулна. Шинэ хамт олон дунд орох үед хамгийн их тус хүргэх өнгө байж мэднэ.