Оюутан байхад хичээлээ хийж, сайн сурах мэдээж чухал. Гэхдээ оюутан насанд түүнээс ч дутахгүй чухал, заавал амжуулж сурах ёстой зүйлс нэлээдгүй байдаг. Зөвхөн мэдлэгийн тал дээр боловсроод зогсохгүй хувь хүнээ зэрэг хөгжүүлвэл амьдрал дээр гараад олон зүйлд нүүр бардам байх болно.

Хичээлийнхээ хажуугаар ажил хийж туршлага цуглуулах

Өөрийн сурч буй мэргэжлээр дадлага хийж, илүү хөгжөөд цагийн ажил хийж эхлээрэй. Их сургуульд сурдаг байхаасаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн оюутан төгсөөд, ажиллаагүй оюутнаасаа илүү өндөр хувийн магадлалтай ажилд ордог. Тэгээд ч албан газрууд өөрт нь ажиллаж байсан чадварлаг хүнийг төгсөнгүүт нь жинхэнэ орон тоондоо авч ажиллуулах нь элбэг байдаг. Яг ямар ажил хийх дуртайгаа дадлага хийх явцдаа олж мэд. Магадгүй чи хүсээгүй мэргэжлээрээ сурч байж ч болно. Цаг алдаагүй дээрээ солих боломж оюутан насанд бий.

Олон нийтийн ажил зохион байгуулж сурах

Аливаа анкетан дээр манлайлах ур чадвар гэдэг хэсэг байнга дагаж явж байдаг. Гэвч мянга би манлайлагч ур чадвартай гэж бичээд бодит түүх байхгүй бол итгэхэд их хэцүү. Тиймээс оюутан байх хугацаандаа сонирхолтой ажил санаачлан хийж, хүмүүст хэрэгтэй зүйлийг бүтээгээрэй. Жишээ нь сургуульдаа ногоон булан байгуулаад цэцэг навч тарьдаг хэсэг болгох, орцоо ханыг нь будах, сайн үйлсийн аян зохион байгуулах, амьтдад туслах төв байгуулах гэх мэт. Чамд ярилцлагад ороход чинь их сайхан түүх болох болно.

Санхүүгээ барьж сурах

Оюутан байхад бага төсвийг олон зүйлд хэрэглэх шаардлагатай болдог. Багахан хөрөнгөндөө шинэ ном худалдаж авах, автобус унааны зардал, нийллэг арга хэмжээний татаас, өөртөө зарцуулах гээд мөнгөний хэрэгцээгээ оюутан байхдаа хуваарилаж сурвал амьдрал дээр гараад их мөнгө олдог болсон хойноо ч хий дэмий үрэхгүй, хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг болно. Мөн энэ үедээ хадгаламждаа үнэнчээр мөнгө хадгалж сурвал ажлын талбарт гараад их цалинтай болсон ч чиний хадгалах зуршил хэвээрээ байна.

Шүүмжийг эерэгээр хүлээн авдаг болох

Шилдэг оюутны тоонд ордог оюутан ажилд орохоороо тухайн газрынхаа хүмүүстэй таарахгүй, ажлаасаа гарах тохиолдол олон байдаг. Учир нь мэргэжлийнхээ сурах зүйлийг сурсан мөртлөө элдвийн хүнээс үг сонсож сураагүй болохоор тэр. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр дандаа сайхан ааштай, эелдэг хүмүүс тааралдаад байхгүй. Хүмүүсийнх нь уур амьсгалаас болоод гарчихлаа гээд сууж байхгүйн тулд оюутан дээрээ амжиж шүүмжлэл сонсож сураарай.

Шинэ хоббитой болох

Чин сэтгэлээсээ дурлаж, хийхийг хүсдэг хоббигүй бол яг одооноос өөрийнхийгөө олоорой. Яг гоё тохирох үе нь шүү. Ажилд орсны чинь дараа дүүрэг, хотын тэмцээн уралдаан, байгууллагын ойн тоглолт, шинэ жил гээд хобби, хийж чаддаг зүйлээ үнэлүүлэх олон арга хэмжээ бий. Хаа нэг газар байгууллагаа төлөөлөөд бут авчихдаг нууц авьяастай байгаарай.

Аливааг өөдрөгөөр харах дадал

Оюутан байхад өлсөнө. Даарна. Автобусанд чихэлдэж, заримдаа хоцорно. Бүтэлгүй дурлалтай учирна. Хаягдаж хаяна. Дахиад дурлана. Залуу насны хамгийн догдлол дүүрэн үе. Том хүн ч биш хүүхэд ч биш. Энэ бүх сэтгэл зүйн огцом огцом нөлөөлөл дээр ямар ч зүйлийг өөдрөгөөр боддог сэтгэхүй дадлыг өөртөө суулгачихвал дараа нь алзахгүй дээ.

Хэлээ сайжруул

Тийм шүү. Хэлээ сайжруул. Чиний дараагийн шинэ зүйл сурах хамгийн том гүүр болно.