in

CuteCute LoveLove LOLLOL

Гоё уйдах аргууд

Нээж амжаагүй сошиал платформ руугаа дайралт хийх

Саяхан clubhouse руу бөөнөөрөө нүүлээ. Танд тик ток бий юу? Инстаграмаа хөтөлдөг үү? Linkedin нээсэн үү? Хэрвээ уйдаад байвал шинэ платформ дотор өөрийн ертөнцийг үүсгээрэй. Одоо цагт ч ирээдүйд ч сошиал биднээс салахгүй. Тиймээс туршаад үзээрэй. /Эхлээд 10 хүн л дагадаг юм доо. Битгий гутраарай. Сайн контент хийж чадвал followers чинь заавал өсөх болно./

Лаа саван шампунь гэх мэт өдөр тутам хэрэг болдог зүйлсээ хийж сурах

Youtube Google гэдэг хоёр их багш байхад бидэнд хийж чадахгүй зүйл гэж бараг л байхгүй. Хүсвэл юуг ч сурах боломжтой болсон цаг үед амьдарч байна. Өдөр тутмын саван тос гэх мэт зүйлсээ гар аргаар туршиж байсан хүмүүс өөрийн гэсэн брэндийг үүсгээд гадаад руу нийлүүлээд эхлэчихсэн байгаа. Яагаад та ч бас өөрийн брэндийг гаргаж болохгүй гэж?

Мөнгөө өсгөх тухай судлах

Та lemonpress-г дагадаг уу? Хэрвээ үгүй бол танд маш хэрэгтэй санхүүгийн мэдээллүүдийг өгөх болно. Тэрхүү мэдээллүүдээс та ямар хувьцаа халуухан өсч байгаа, ямар үнэт цаас шал арчиж байгааг мэдэх боломжтой. Хадгалж байгаа мөнгөө банкинд хүүтэй өсгөх нь эрсдэл багатай ч гэлээ яагаад тэр мөнгөнийхөө 30 хувиар хувьцаа аваад үзэж болохгүй гэж. Магадгүй суга өсөх ч юм билүү. Санхүүгийн мэдлэг хэзээ ч моодноос гардаггүй хүчирхэг мэдлэг юм шүү.

Төвлөрөх боломжийг өөртөө үүсгэх

Таны шүүгээнд хэзээ ч өмсдөггүй хувцас бий юу? Тавиур дээр чинь 3-р ангийн шалгалтын цаас чинь одоог хүртэл байдаг уу? Тэгвэл өөртөө төвлөрөх боломж үүсгэж хэрэггүй зүйлсээ яг одоо хаяарай. Хэзээ нэг цагт хэрэггүй эд зүйлс “намайг янзлаад өгөөч” гэж чимээгүй орилох болно. Тэдгээр хувцаснууд хэзээ ч өмсөгдөхгүй мөртлөө танаар эвхүүлж цагийг чинь үрэхээс гадна хөглөрч стресс нэмдэг. Хэрэгтэй чухал зүйлсдээ төвлөрсөнөөр бид илүү их цагийг үр дүн гаргахад зориулж чадна.

Тавилгануудынхаа байрыг солих

Нэгэн хэвийн байдалд удаан байх нь амьдралын баяр баяслыг аажим аажмаар сорж байдаг. Хөл хорионы үед нэгэн хэвийн амьдралдаа дасахгүй тулд гэрийнхээ тавилгыг сольж, шинэ содон гэрэл ханандаа байрлуулж туршиж үзээрэй.

Өөрт тохирох хөдөлгөөнийг олох

Карантинаас болоод бидэнд хөдөлгөөн үгүйлэгдэж эхэлсэн нь үнэн. Хүмүүс дасгал хөдөлгөөн гэртээ ихээр хийх болсон. Магадгүй та ч бас хийж байгаа байх. Хүн болгон иог хийгээд байхаар дагаад хийчихье гэж битгий бодоорой. Хийгээд л үз. Гэхдээ танд бүжиглэх илүү таалагддаг бол эсвэл боксын мишок нүдэх давгүй санагдаж байвал түүнийгээ л хийгээрэй. Гол үр дүнд нь та дуртай зүйлээ илүү удаан хийх болно. Бусдыг дагаж ямар нэг зүйл хийснээр зуршил болж үлдэхгүй бөгөөд өөрийгөө хөдөлгөөн хийх дургүйгээр мэдэрч эхлэх аюултай.

Өнгөрсөн ирээдүйн өөртэйгөө ярилцах

Тэмдэглэлийг дэвтэр эсвэл нууц сошиал хаяг дээр та өөрийн ирээдүй болон өнгөрсөндөө зориулж захидал бичээрэй. Жишээлбэл залуухан байгаа бол 40 насны өөртөө зориулж захидал илгээх. Өсвөр насанд байгаа бол 20-той өөрийгөө ямар байхыг хүсч байгааг бичээрэй. Эргээд уншихад өнгөрсөн үеийн өөрийгөө хайрлах мэдрэмж төрөх болно.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс асуудлыг хоёр өөр өнцгөөс хардаг жишээнүүд

Аз жаргалтай мэдрэмжийг сэргээх аргууд