Хаа нэгтээ дурсамж хадгалсан дуу явах
Санамсаргүй алхаж явахад дахин сануулах гэсэн мэт сонсогддог дурсамж дүүрэн дуу. Хаягдан орхигдсон нандин зүйлсээр дүүрэн. Өнгөрсөн болохоор бяцхан гунигтай ч бас бяцхан аз жаргалтай.
Үлээдэг хөөс үлээх
Жаахан хүүхэд шиг. Төвлөрөөд үлээж байгаа нухацтай царай. Дараа нь хөөснийхөө араас нэхэн харах харц. Солонгорсон өнгөтэй хөөс агаарт нисэхийг хараад хүүхэд нас руугаа эргээд очоорой.
Цуглуулгадаа шинэ найз нэмэх
Пянзны, номны, зарим нь хувцасны цуглуулга хийнэ. Барбины гутлаас авхуулаад машин цуглуулах сонирхолтой хүн ч байдаг. Хувьцаа бонд авч санхүүгийн цуглуулга хийх гэх мэт. Цуглуулгадаа шинэ зүйл нэмэх нь бидний сэтгэл зүйд том дэм болдог.
Урам зориг өгөх шинэ кино үзэх
Зүгээр л унтаад баймаар санагдах өдрүүд. Юу ч хийх хүсэл төрөхгүй зүгээр л унтаад баймаар. Ийм үед сэтгэл санаа өргөх кино үзэх болон гоё дуу сонсох нь эргээд аз жаргалтай цэг дээр аваачихад тусладаг. Itaewon class, Queen of Gambit , Start UP гэх мэт кинонуудаас админ нь сүүлд сэтгэл санааны цэнэг авсан.
Хоол хийтэл бараг уйлмаар гоё амттай болсон байх
Амттан эсвэл хоол аль нь ч байсан үнэрлэх амсах төдийд түр зуур хүний тархи аз жаргалтай гэсэн дохиог хүлээж авч байдаг байна.
Удаан бодож явсан зүйлээ зориглон хийх
Өдөр бүр боддог ч зориглон хийж чаддаггүй хүсэл таны дотор хэр их вэ? Сайн хүндээ очиж хайраа илчлэх, хүссэн зүйлээ хийж аз жаргал мэдрэх аль эсвэл хэн нэгнээс зүгээр л уучлалт гуйх ч байж болно.Тархинд болон зүрхэнд байнга хадаастай байдаг хэрнээ хэзээ ч зориглоогүй үйлдлийн ард гарсаны дараа сэтгэлээ чөлөөлсөн хөнгөн аз жаргалтай мэдрэмж салхи шиг орж ирдэг.
Хуучны хөгжилтэй түүх ярих
Ил гал эсвэл шилтэй вино. Тойрон суусан гэр бүл найзууд. Хамт олон. Хуучин цагийн хөгжилтэй түүхийг инээлдэн ярих. Хүн бүрийн нүүрэн дээр инээд тодорсон дүр зураг. Хөнгөн хэрнээ аз жаргалтай мэдрэмж.
Дуу алдмаар үзэсгэлэнтэй байгаль
Тэнгэрт улбар ягаан туяа татсан эсвэл цас бороо аль нэг нь асгартал орж байхыг хараад ихэнх хүмүүс утсаа шүүрч аваад стори хийдэг. Та тэдний нэг мөн үү? Байгалиас аз жаргал мэдэрдэг үү?